Би багаасаа л тун чиг хуурай арьстай. Хавар болохоор могойны арьс гуужиж байгаа юм шиг л нүүрсний арьс холцруутаж хуурдаг байсан. Тэр үедээ арчилгаа гэж сайн мэдэхгүй тул тос түрхээд, ховхорсон арьсаа хуулаад л явдаг байлаа.
Хуурай арьсны хамгийн том давуу тал нь насны онцлог, батга гардаггүй. Гэхдээ амархан үрчийнэ.
Харин овоо хэдэн жилийн турш янз бүрээр арчилж үзээд хуурай арьсаа хэрхэн хамгаалж, арчлах вэ гэдэг учраа олсон. Би гоо сайхан орж, массаж хийлгэж, өндөр үнэтэй үйлчилгээ авдаггүй. Харин өдөр тутмын арчилгаагаараа арьсаа хэрхэн чийглэг, батганы асуудалгүй байлгадаг талаар бичлээ.
1. Ус уух
Ус уухыг хүн бүр зөвлөдөг. Эрүүл мэндэд төдийгүй арьсанд хүртэл маш сайнаар нөлөөлдгийг өөрийн биеэр ойлгосон. Багадаа хордлого аваад хэвтэж байхда хоросолтой усыг маш бага хэмжээгээр ойр ойрхон уухад арьс илт зөөлөн, чийглэг болж байгааг анзаарсан. Яг тэр үед ус хичнээн чухал болохыг ойлгосон. Би өглөө босоод заавал нэг аяга ус уудаг. Усаа уучихаад нүүр гараа угааж, нүүрээ будах гэх мэт зүйлсээ амжуулаад 20 минутын дараа өглөөний цайгаа уудаг. Харин ажилдаа гарахаасаа өмнө дахиад нэг аяга ус уудаг. Өөрөөр хэлбэл өглөөний хамгийн эхний усаа ууснаас 1 цагийн дараа дахин нэг аяга ус уудаг гэсэн үг юм. Ус уухад толгойны өвчин бага, ядрахгүй байгааг бас л анзаарсан шүү. Шингэн дутаад эхлэхэд шууд л толгой өвддөг юм билээ.
2. Нүүрний будагтайгаа унтаж болохгүй
Арьс арчилгаанд цэвэрлэгээ маш чухал гэж бүхий л гоо сайханчид ярьдаг. Энэ нь ч үнэн. Гэхдээ хүн хүний арьсны онцлогоос хамаараад цэвэрлэх горим нь ялгаатай байдаг. Миний хувьд хуурай арьстай ч сүүн шингэн хэрэглэдэггүй. Сүүн шингэнд дургүй биш ч зүгээр л хэрэглэхэд төвөгтэй санагдаад байдаг. Тиймээс би эхлээд хөөсөн цэвэрлэгчээр угаагаад дараа нь мециллиар ус хөвөнд шингээж арчдаг. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй нүүрээ буддаггүй ч эрэгтэй хүмүүс ч бас оройдоо цэвэрлэж хэвшвэл үр дүн нь илт мэдэгддэг шүү.
3. Арьсаа амраах
Нүүрээ цэвэрлэсний дараа шууд тос түрхэлгүй хэсэг азнаарай. 30 орчим минутын дараа серум, лошн зэрэг чийгшүүлж тэжээл өгөх бүтээгдэхүүнээ түрхээрэй. Өдөржин будагтай явсан, дээрээс нь гадны маш их бохирдолд арьс ядарсан байдаг тул хэсэгхэн ч болтугай амрааж байгаарай. Гэхдээ шөнө огт бүтээгдэхүүн түрхэхгүй байж бас болохгүй. Би зарим шөнө нүүрэндээ юу ч түрхэлгүй унтчихдаг. Ингэхээр арьс хуурайшаад байдаг.
4. Сайн унтаж амрах
Хичнээн ч их ажилтай байсан 6 цагаас бага унтах хэрэггүй. Унтах тусам арьс толийно. Женнифер Лопез тэргүүтэй одууд өдөрт 12-оос дээш цаг унтдаг гэсэн шүү. Тиймээс арьсаа амрааж, өөрөөр нь сэргээх хамгийн үр дүнтэй арга бол унтах. Хэрвээ ямар нэг арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа бол өмнөх өдөр нь сайн унтаж амраарай.
5. Тохирсон бүтээгдэхүүнээ сонгох
Тослог арьстай хэрнээ тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Хуурай арьстай бол үргэлж тосон суурьтай бүтээгдэхүүн бас хэрэггүй. Тосон болон усан суурьтай бүтээгдэхүүнийг хослуулан хэрэглэх нь зөв. Хуурай арьстай хүн дан тосон суурьтай тос, суурь крем хэрэглэвэл нүүрэнд ус чийг дутагддаг. Хичнээн ч их тос түрхсэн нүүрний тань арьс угаасны дараа арзайж, хуурайшдаг. Тиймээс арьсныхаа байдлыг ажиглаж байгаад аль бүтээгдэхүүнээ хэрэглэх вэ гэдгээ сонгоорой.
6. Маск тогтмол тавих
Өдөр бүр тавьдаг маск хэрэглэж үзсэн ч төдийлөн тэжээл чийгшил өгөхгүй байгаа юм шиг санагдсан тул 7 хоногт ядаж нэг удаа маск тавихыг боддог. Голдуу солонгос маск тавьдаг ба илүү их тэжээл өгч байгаа санагддаг. Ерөнхийдөө хамгийн тохиромжтой хугацаа нь 7 хоногт 2–3 удаа маск тавих. Маскаа яг зааврынх нь дагуу, зөвлөсөн хугацаанд л тавь. 30 минут тавих маскыг шөнө хонуулчихвал маск хатсаны дараа буцаагаад таны арьсны чийгшлийг шингээгээд авчихна.
Comments
Post a Comment