Хөл хорионы үед ихэнхи хүмүүс гэртээ байгаа. Тиймээс энэ цагийг ашиглаад амрах нь зөв ч эрүүл мэнддээ хортой байдлаар амрах нь зөв болов уу. Тиймээс маргааш нь эрт босох шаардлагагүй гэж тайвшран оройтож унтах, орой хэт их хоол идэх, өөх тостой хоол идэх, дасгал хөдөлгөөн бага хийх гэх мэтээр биеэ хордуулах хэрэггүй.
Хэдийгээр гэртээ ч байгаа ч эртхэн унтаж амраарай. Өглөө эрт босох шаардлагагүй байлаа ч орой эртхэн орондоо орж, гар утсаа оролдохгүйгээр унтаарай. Сайтар унтаж амрах нь дархлааг дэмжихээс гадна толгой өвдөх, булчин хөндүүр орох гэх мэт ядаргаанаас гаралтай хүндрэлээс сэргийлдэг.
Шим тэжээлтэй хоол идэх чухал. Гэхдээ хий хуйгаа дарахын тулд байнга хуушуур, өтгөн хийцтэй цай уух зэрэг нь төдийлөн сайн биш. Учир нь бусад үеээс харьцангуй бага хөдөлгөөн хийж байгаа тул хоол боловсруулалт удаашрана. Тиймээс хөнгөн шингэн, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглээрэй. Хүнд хоол байнга идвэл ходоод, нойр булчирхай, элэг цөсөө цочроож цаашид тусаж болзошгүй өвчний суурийг тавихаас цаашгүй.
Мэдээж гэртээ байхдаа гэрээ цэвэрлэж, хоол хийж, өрөөнүүдийн хооронд алхана. Гэхдээ энэ хангалттай хөдөлгөөн биш. Заавал мэргэжлийн тамирчин шиг биш ч өдөрт багахан дасгал хөдөлгөөн хийвэл хоолны шингэц сайжирч, биеийн чилээ арилж, дархлаагаа сайжруулах боломжтой.
Үүнээс гадна, энэ цаг үеийг ашиглаад өөртөө хэрэгтэй зүйлсээ хийгээрэй. Хоббигоо хөгжүүлж, гадаад хэл сурах гэх мэт маш олон боломж байгаа гэдгийг битгий мартаарай.
Comments
Post a Comment