ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЖ СУРСАН МИНЬ


Та өөрийнхөө үнэ цэнийг мэдэх үү?

Мөнгөөр, алтаар, алмаазаар хэмжигдэхгүй ч та өөрөө өөртөө сэтгэл хангалуун баймаар байна уу? Тэгвэл энд би өөрийгөө хэрхэн үнэлж, хүндэлж сурч буйгаа хуваалцлаа.

Би өөрийгөө ерөнхийд нь харахад мэргэжилтэй, ажилтай, бүрэн бүтэн эрхтэнтэй тунчиг л аятайхан байх юм. Саяхнаас ингэж бодох болсон юм. Учир нь өөрийгөө үнэлж, юу хүртэх эрхтэй вэ гэдгээ саяхан шахуу ойлголоо.

10 жилд байхдаа хичээл номоороо тэргүүлдэг байсан боловч бага ч болов их зан байгаагүй. Үүнээс болоод өөрийгөө илүү сайхныг, илүү дээрийг хүртэх ёстой, түүнийхээ төлөө тэмцэх ёстой гэсэн сэтгэлгээ суугаагүй. Яагаад гэвэл байгаадаа ханаж, тухайн үеийн байдал нь хэвийн л зүйл шиг санагддаг байж. Өрсөлдөх, тэмцэх, шар нь гозгонох, атаархах гэсэн зүйлгүй.

Гэхдээ яг одоо атаархалгүйгээр, хүнд шаралхалгүйгээр өөрийнхөө ирээдүйг төсөөлж, түүнийхээ төлөө тэмцэх ёстой юм байна гэдгийг яг л үнэн голоосоо ойлгосон. Аливаа юмыг сонсох, ойлгох, чин сэтгэлээсээ хүлээж авах гэдэг маш том ялгаатай юм байна. Тиймээс үнэн голдоо ортол ойлгоосон мөч саяхан тохиолоо.

Харин тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хуурахгүй хичээх хэрэгтэй байна. Заримдаа болиод унтмаар үе байгаа ч аль болох өөрийгөө дийлэхийг хичээж байна. Хэтрүүлж байгаа мэт санагдаж болох юм. Гэхдээ болзоонд явна гэхэд хүртэл цагаа өөртөө зарцуулмаар санагддаг. Өмнөх өмнөхөөсөө илүү цагийг нэг л дэмий өнгөрөөгөөд байгаа юм шиг санагддаг болсон.

Миний хожуу ч ямартаа ч энэ хүрсэн гэж бодоход сайхан байдаг. Та ч бас зорилгодоо хүрэхийн төлөө том жижиг бүхий л саад бартааг амжилттай даван туулаарай.


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 


Comments