Хүн өөрөө өөрөөсөө ичдэг хэрнээ бусдаас ичдэггүй гэвэл итгэх үү?
Гудманд явж байтал барьж явсан аягатайгаа кофегоо санаандгүй асгах эсвэл бүдрэхэд та ичиж байдалд ордог уу? Олон хүн тийм гэж хариулах байх. Гэхдээ таныг хэн анзаарч шоолов? Эргэн тойрноо харсан уу? Таныг онцолж шоолох нь битгий хэл таньдаг хүн ч барагтаа байхгүй шахуу гудамжинд та өөрөө өөрөөсөө ичин байдалд орж, үүнээс болж тэр өдөртөө л сэтгэл тавгүй явдаг. Яагаад гэвэл та хүн намайг шоолж, хувцсыг маань голж, алхаж гишгэхийг минь эв хавгүй гэж хэлэхвий гэж айдаг.
Гэтэл яг хэрэгтэй зүйлээсээ ичдэггүй. Буруу хийсэн зүйлээ хүлээхгүй, хэн нэгэнд хэлэхгүй эсвэл бусдад бухдаг. Үүнээс ч ичих хэрэгтэй. Хов жив яаж тардаг вэ гэвэл ичих ёстой зүйлээсээ ичихгүй, ямар ч ач холбогдолгүй зүйлээс ичдэг хүнээс гардаг. “Хумс сэтэрчихэж, хумсны будаг халцарчхсан байна, яанаа ичмээр юм.” Ямар ч утгагүй. Болсон зүйлийг үнэнээр нь л ярь. Тэнд таны алдаа, оноо аль аль нь бий. Оноог тань сайшааж, алдаагаа хүлээсэн шударга занг тань үнэлэх болно.
Comments
Post a Comment