Хүслээ хязгаарлаж сурсан цагт “НАСАНД ХҮРСЭН ХҮН” болно

Турмаар байна уу. Гэхдээ амттай юм идмээр л байгаа биз дээ. Тэгээд тэсэлгүй шоколад, бялуу идчихээд турмаар байна гэдэг үү?

Машинтай болмоор байна уу. Гэхдээ яаралтай хэрэггүй ч таалагдсан хувцсаа тэсэлгүй худалдаж авчихдаг уу. Тэгээд тэр хувцсаа дорвитой өмссөн ч зүйлгүй шүүгээндээ хадгалаад мөнгөө юунд үрлээ гэж гайхаж суудаг уу?

Хүслээ хязгаарлаж чадахгүй байна уу? Хүссэн бүхнээ яалт ч үгүй хийчихээд байна уу? Тэгвэл та насанд хүрэх болоогүй байна. Иргэний үнэмлэхэн дээр тань бичсэн өдөр та төрж, бие махбод тань боловсорч бараг л өтлөх шатандаа явж байж болох юм. Гэхдээ сэтгэлзүй, оюун ухаан тань “Балчир” хэвээр байна.

Зарим хүслээ дарж чадахгүй байх маш их хор хөнөөлтэй. Дээр дурдсан 2 жишээ бол хамгийн түгээмэл зүйл. Хүний хүсэл хязгааргүй. Тиймээс хүний хүслийг бүгдийг биелүүлэх боломж байхгүй. Бас зарим хүний хүсэл бусад хүн, амьтан, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр байдаг. Тиймээс бүх хүний бүх хүсэл биелнэ гэдэг бүтэшгүй зүйл. Жүжигчин Жим Керригийн тоглосон “Бүхнийг чадагч Брюс” киног санаж байгаа биз дээ.

Ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл зохиож үр хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа хүмүүсийн хувьд маш чухал. Ялангуяа гэр бүлийнхнийхээ эрх ашигт нөлөөлөх ямарваа нэг буруу үйлдэл хиймээр байгаагаа барьж чадалгүй хийх тохиолдол бий. Дараа нь бий болох үр дагаврыг мэдэж байгаа ч хайртай хүмүүсээ гомдоохгүй гэж хичээн биеэ барьж сурах хэрэгтэй.

Бүх хүсэл нь биелэх боломжгүй, хүссэн бүх зүйлээ хийж болохгүй гэдгийг бага наснаас нь ойлгуулах хэрэгтэй.

Хүүхэд бүдэрч унасанд шалыг буруутгах, ямар нэг зүйл хүсэх бүрт нь авч өгөх, дүү нь ахынхаа ямар нэг зүйлийг авахыг хүсэхэд нь дүүд нь өгөх нь таны хүүхдийн хүмүүжлийг алдаг. Ийм хүмүүжлийн үр дүнд бий болсон “НАСАНД ХҮРСЭН ХҮҮХДҮҮД” хаа сайгүй. Өөрсдөө гэр бүл зохиосныхоо дараа хүүхэдтэйгээ зэрэгцээд хүмүүждэг гэж хэлж болохоор. Хүүхэдтэй болсон ч төлөвшдөггүй хүмүүс ч байна. Араар тавилт юунаас үүдэлтэй вэ гэвэл барьж чадаагүй хүслээс үүдэлтэй. Хүний хүсэл хязгааргүй тухай дээр дурдсан. Тэгвэл хүний бэлгийн хүсэл ч мөн хязгааргүй. Харин араар тавилт гэр бүлд ямар үр дагавар, хор уршиг авч ирж болох вэ гэдгийг мэддэг ч үнэн сэтгэлээсээ ухаараагүй хүмүүс хүслээ барьж чаддаггүй.

Гэр бүлийн хүчирхийлэл юунаас үүдэлтэй вэ? Бусдыг өөрийнхөөрөө байлгах гэсэн хүсэл, хор уршиг дагуулж байгааг нь мэддэг ч архинаас гарахыг хүсдэггүй хүнээс үүдэлтэй.


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 

Comments