Би одоо амьдарч байгаа гэртээ бараг арваад жил амьдарч байна. Энэ хооронд их ч зүйлийг тууллаа. Баяр, жаргал, зовлон, салалт, төрөлт гээд л. Ажлаа тараад ядраад ороод ирэхэд халуун дулаан гэр, хайртай гэр бүл минь угтаж хормын дотор л ядарснаа мартдаг. Бас энд хамгийн бөх унтдаг. Нэг их тансаг биш ч хүнд хэрэгтэй бүх зүйл бүрэн бас мөнгөөр хэмжишгүй цаанаа л дулаан энергитэй.
Гэтэл өчигдөр гал тогооны өрөөний крант эвдэрчихлээ. Ийм зүйлс болж л байдаг шүү дээ. Сантехникийн зарим хоолойгоо солино, шинээр авна. Гэхдээ энэ удаа “ЭВДЭРХИЙ КРАНТ” надад маш том зүйлийг ухаарууллаа.
Би гаднаас орж ирэх бүртээ гараа гал тогооны угаалтуурт угаадаг. Яагаад гэвэл үүдтэй ойр байдаг. Бас нүүрэндээ тос түрхсэний дараа гараа энд угаадаг. Мэдээж аяга, тавгаа бас угаана. Гэхдээ угаалгын өрөөний угаалтуураас илүү олон хэрэглэдэг нь тодорхой боллоо. Гэтэл крант эвдэрчихсэн учраас өнөө байнга ашигладаг угаалтуураа түр зуур ашиглаж чадахгүй болов.
Крант эвдэрснийг мэдэж байгаа ч гараа угаах, ойр зуурын хэрэгцээнд байнга л гал тогооны өрөө рүү ороод эвдэрсэн крантаа хараад буцаад угаалгын өрөө рүү явлаа. Ингээд бодлоо.
Би крантанд ингэж дассан байх нь. Крантаа өдөр бүр хэрэглэдэг ч үүнийгээ анзаардаггүй байж. Эвдрэхэд нь л ямар чухал, ямар их хэрэглэдгээ мэдлээ. Яг энэ үед би хайртай хэн нэгэн хүнээ алдвал яана гэх айдас төрсөн юм. Дуу шүлгээс амжиж нэгнээ хайрла гэдгийг зүгээр л сонсохоос биш үнэн голоосоо бодож үзээгүй байж. Хайртай хүмүүстэйгээ өдөр бүр хамтдаа байж, харилцаж байхдаа би тэднийг үргэлж л ийм байх юм шиг санаж тэдэнд туньж, гомдож, уурлаж байсан. Гэхдээ ингээд тэнэглэж байтал хайрлаж амжаагүй байтал тэднийгээ гомдоож байтал хэн нэгэн нь үгүй болбол яана аа? Хэн нэгэн нь, магадгүй би үгүй болвол эвдэрсэн крант шиг бусдад үгүйлэгдэх болов уу? Намайг санах болов уу?
Ингэж бодон хэсэг гансарч суулаа. Тэгээд ер нь одоо л бие биесээ хайрлахгүй бол дараа нь харамсах юм байна гэж бодлоо.
Comments
Post a Comment