Ажлаасаа гарахаар шийдсэн минь

Их сургуулиа төгсөөд хүссэн ажлаа хийгээд кинон дээр гардаг шиг л нэг гартаа цүнхээ, нөгөө гартаа аягатай кофе бариад л өндөр өсгийт өмсөөд ажилдаа очно гэж багаасаа л мөрөөдөж, төсөөлдөг байлаа. Мөрөөдөл минь биелсэн ч би цалинтай ажил хиймээргүй байна. Байгаадаа цадсандаа ч биш, хэмжээлшгүй их мөнгөтэй ч юм биш. Оффист суугаад бичиг цаас янзалж, гэрээний драфт бэлдээд л, төслийн тооцоог хийгээд л. Эсвэл зөөгч, худалдагч, менежер, тогооч гэх мэт ямар ч ажлыг том болоод хийнэ, чадна, хийсэн цагтаа өөрийгөө жинхэнэ НАСАНД ХҮРСЭН ХҮН гэж бодно гэж боддог байлаа.

Анхны ажил минь дагалдан байв. Оюутны ширээнээс шууд босоод л ахлахаа дагалдаад 4 сар дагалдан хийсэн. Их ч зүйл сурсан. Ахлах минь ч ихийг заасан эерэг харилцаатай нэгэн байв. Үүний дараагийн ажил л нүдийг минь бодитоор нээж өгсөн. Ажлын дарамт, дарга нарын сэтгэлгээ, хүн гэдэг ямар байдгийг ойлгуулж өгсөн. Бас би тэнд удаан ажиллахыг хүсээгүй. 1 жил 6 сар ажилласан ч сүүлийн 1 жилд нь үргэлж л ажлаасаа гарна гэсэн сэтгэхүйтэй ажиллаж байсан юм. Би ажлаа хийж чаддаг байсан. Магтуулдаг байсан. Гэхдээ хоёр нүүртэй, доорх ажилтнуудаа юман чинээ боддоггүй удирдлагуудаас залхсан.

Долоо хоногт доод тал нь 40 цаг ажиллах ёстой мэт


Анх ажилд ороод ажлын 5 өдөрт нийт 40 цаг ажиллана гэж уг нь хөдөлмөрийн гэрээ хийсэн. Гэтэл энэ заалт нь 40 цаг ажиллах биш доод тал нь 40 цаг ажиллах гэсэн утгатай байсан юм шиг л санагдсан. Ажил тарах цаг болоход төлөвлөгөөт хөтөлбөр нь дуусаагүй. Ийм байхад яалт ч үгүй сайн дураараа шахуу илүү цагаар ажиллана. Гэхдээ илүү цагийн хөлс байхгүй. Ёстой л үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол ажилласан даа. Ингэсээр долоо хоногт 55-аас 60 цаг элбэгхэн ажиллачихдаг байлаа.

Олон цаг ажиллах тусам гэртээ, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах цаг гарахгүй байгаагаа хэлэхэд манай ахлах цагийн менежментээ сайжруулах хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд өдрийг хэрхэн өнгөрүүлж байгаагаа бодов. Хоногийн 24 цагийн 12 цагт нь ажиллаж байна. Ажилдаа ирэх очихдоо нэг талдаа 1 цаг, нийт 2 цаг зарцуулж байна. Өдөрт 6-аас 7 цаг унтаж байсан. Ингээд бодохоор 3 цаг л надад үлдэж байна. Энэ хугацаанд нь шүршүүрт орно, өглөөний цайгаа ууна, нүүр гараа угаана, нүүрээ будна, хувцсаа угаана, өглөө өмсөх хувцсаа бэлдэнэ. Иймээс л гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрөөж чадахгүй байлаа.

Цагийн менежментээ яаж ч сайжруулсан хоногийн 24 цаг нэмэгдэхгүй


Зөвхөн би ингэж ажиллаад байгаа юм биш. Манай байгууллагад гүйцэтгэх түвшний ажил хийдэг бүх хүн л ингэж ажилладаг байв. Харин дарга нар маань биднийг илүү их, илүү сайн ажиллахыг шаардсаар л.
Хүн тушаал дэвшингүүтээ өнгөрснөө мартдаг бололтой юм. Атаархсандаа ингэж хэлж байгаа юм биш шүү. Зүгээр л бидэнтэй хамт ажиллах нөхцөл хэцүү байгааг ярьж байсан хүн тушаал дэвшингүүтээ огт өөр хүн шиг болчихсон. Нөгөө гомдоллож байсан хүн маань буцаагаад өмнөх хүмүүсээс илүү их дарамталж, шахаж, үзэл бодлоо илэрхийлэхэд хүлээж авахгүй болж байсан.
Энд хийдэг ажил надад хэцүү байгаагүй. Бас би хийдэг ажилдаа дуртай байсан. Гэхдээ яаж ч хичээгээд хамт олны уур амьсгал ийм хүйтэн, хатуу орчинд тэсэж чадаагүй. Өргөдлөө өгөөд л гарсан. Үүний дараа орсон ажил тэс өөр байлаа.

Хамт олны уур амьсгал хамгийн чухал


Ингээд шинэ ажилдаа орохоор захиралтайгаа ярилцаж байхдаа хамт олны уур амьсгал ямар вэ гээд шууд асуучихлаа. Ажилд орох байгууллагаа ямархуу вэ гэдгийг мэдэх эрхтэй шүү дээ гэж өмнө нь өөрийгөө зоригжуулсан юм. Өмнөх ажилдаа байхдаа би өөрийгөө ажлын ачаалал даах юм байна, ажлаа хурдан хийж чадах юм байна гэдгийг ойлгосон байсан. Тиймээс хамгийн чухал зүйл надад хамтран ажиллагсад болон дарга нарын харилцаа байсан. Би тэр байгууллагадаа орсон. Бас алдаагүй. Үнэхээр л байгууллагад тулгамдсан, ажилтнуудад таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйлсийг ажилтнууд ч дарга захирал нар ч мэддэг бас өөрчлөхийг хүсдэг байв. Нөхцөл байдлыг өөрчлөх хүсэл байгууллагын аль ч шатанд байгаа нь надад хамгийн их таалагдсан. Учир нь өмнөх ажилд бид болохгүй байгаа зүйлийн талаар яривал бараг л бурууддаг байлаа. Харин энд асуудлыг ил гаргах буруу зүйл биш. Бас асуудлыг шийдвэрлэе гэж хамтдаа хичээдэг байсан нь маш чухал байсан юм.


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 


Comments