Ааш муутайдаа асуудлыг дэвэргээд байна уу эсвэл энэ үнэхээр асуудал уу?


Хүмүүс таныг ааш муутай, жижигхэн асуудлыг дэвэргэхээ боль гэж хэлдэг үү? Гэтэл тэр асуудал нь таны хувьд зүгээр дуугүй өнгөрөөж болох тийм ч жижиг асуудал шиг санагдахгүй байна уу? Магадгүй өмнө яг энэ явдал тохиолдож байсан болохоор илүү хүнд тусаад байна уу?

Тэгэхээр өнөөдөр та үнэхээр асуудлыг дэвэргэж боддог эсэх талаар бичье.

Нэг жишээ татаж үзье. Би өөрөө эмэгтэй хүн болохоор голдуу эмэгтэй талын жишээ ярьж магадгүй. Гэхдээ эрэгтэй хүний өнцгөөс ч бас харахыг хичээнэ ээ. За жишээгээ эхлэе. Та анх найз залуутай болоод та хоёрт бүх зүйл гоё, бүх л зүйл романтик, нэгнээ хүндэлсэн, хэн нэгэндээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг хичээж, нэгнээ гомдоохвий гэж бодож хичээнэ. Энэ үед бүх л зүйл сайхан, цаашид үргэлж энэ хэвээрээ байх юм шиг санагдах байх. Гэтэл удалгүй маргаж эхэлнэ. Мэдээж маргалгүй яахав. Та хоёр өөр орчинд өссөн, өөр үзэл бодолтой, тусдаа бие хүмүүс шүү дээ. Шинээр танилцсан хүнтэй бүү хэл нэг гэрт өссөн ах дүү нар хүртэл маргадаг. Тиймээс маргаан бол байх л зүйл. Харин маргааныг хэрхэн зөв даван туулах вэ гэдэг нь чухал. Тэгэхээр найз залуутайгаа сайхан үерхээд явж байлаа. Жижиг сажиг асуудлууд гардаг ч та хоёрт бүх зүйл төгс байлаа. Ингээд хамт амьдрахаар шийдлээ. Гэтэл найз залуу чинь гэртээ орж ирэхээрээ хувцсаа хаа хамаагүй тайлаад шидчихдэг бас усанд орсныхоо дараа  нойтон савангаа хаа хамаагүй тавьчихдаг байлаа гэж бодоё. Үүнийг уншихад утгагүй, тэнэг санагдаж магадгүй. Сүртэй юм бэ дээ. Ийм зүйлс байх л шүү дээ, энэ чинь л амьдрал гэж бодож болох юм. Үнэхээр л энэ бол амьдрал. Бүх зүйлс төгс байж, танд таалагдах албагүй. Гэхдээ энэ байдал танд таалагдахгүй ч та эхний үед зүгээр орхино. Дараа нь хэлнэ. Гэсэн ч үргэлж давтагдаад байвал магадгүй таны бүр дүргүй хүрэх байх. 

Гэхдээ энэ асуудлын боломжит шийдлийг харцгаая. 

1. Бүсгүй залуу хоёр өөр хүмүүжилтэй, өөр орчинд өссөн. Бүсгүй илүү нямбай байх. 
2. Энэ байдлыг хүлээн зөвшөөрөх эсвэл өөрчлөх эсэх нь хосын хэн хэнийх нь гарт бий. Залуу бүсгүйнхээ хүсэлтийг хүндэтгэн энэ байдлаа өөрчилж болно. Мэдээж дадал зуршлаа өөрчлөх амаргүй. Бүрэн өөрчлөхгүй ч хичээл зүтгэл гаргана гэдэг үнэхээр л хамт байхыг хүсэж байгаагийн илрэл шүү. 
3. Бүсгүй тэр байдлыг хүлээн зөвшөөрч болно. Ингэхдээ хувцсаа хаа хамаагүй тайлах нь мэдээж зохисгүй үйлдэл учраас үүдэндээ хувцсаа тайлж тавих тавиур, сагс байрлуулах гэх мэт аргыг туршиж үзэж болно. Үүнд залуугийн оролцоо ч бас хэрэгтэй. 

Тэгэхээр ийм амархан шийдэгдэж болох жижиг асуудлууд яагаад харилцаанд ан цав суулгадаг вэ? Үүнийг ойлгохын тулд асуудлын background-ийг харцгаая.

1. Энэ асуудлаас өмнө жижиг хэрнээ бас шийдэгдээгүй асуудал гарсан. Өөрөөр хэлбэл засах боломжтой боловч аль нэг тал нь хичээл зүтгэл гаргаагүй өөр асуудлууд ч бас байж болно.

2. Хэдий хамт байх хүсэлтэй ч хоёр өөр үнэт зүйлтэй хүмүүс байж болно. Тухайлбал, нэг нь жижиг зүйлс ч бас чухал гэж боддог байхад нөгөө хүн нь том зорилгодоо хүрч л байвал жижиг асуудлууд чухал биш гэж боддог байж болно. Энэ тохиолдолд хэнийг нь буруутгаж эсвэл зөвтгөх аргагүй. Үүний шийдэл нь ярилцаж харилцан буулт хийх.

3. Хамгийн сүүлийнх нь та хоёр хамт байх хэрэгтэй юу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ өнцгийг аль болох хүмүүст зөвлөдөггүй. Зүрх сэтгэлээ чанга. Та хоёр хичнээн ч муудалцаж, маргаж, санал нийлэхгүй байлаа гээд энэ шууд салах шалтгаан болдоггүй. Хэдийгээр тийм шалтгаанаар салж байгаа юм шиг санагдаж болох ч цаана нь өөр суурь асуудал байж байдаг. Том асуудал гараагүй байж болох ч ужигарсан асуудлууд мөөгөнцөр шиг л харилцааг чинь сүйтгэнэ.

Хосууд үргэлж нээлттэй ярилц. Гэхдээ өөрсдийнхөө бодлыг нэгэндээ тулгах биш эерэгээр ярилц. Би байсан бол яах байсан бол гэж үргэлж бод. Хэрвээ үнэхээр хосоо алдмааргүй байвал харилцан бууж өг. Би яаж өөрчилж болох вэ, чи яаж өөрчилж болох вэ гэж харилцан ярилц. Бүр гар барьж тохирч ч болно. Харин энэ тохиролцоондоо үргэлж хүр. Амлалтаа биелүүлээгүйгээс болж маш олон харилцаа төгсдөг юм шүү. 

Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай.  


Comments